Дарангуйллыг харсан уу? 1984

Жорж Орвел дэлхийн II дайн болоод түүний дараах үеийн Тоталитар дэглэм бүрэлдэж буй үйл явцыг ажиглаж шүүмжлэлтэй хандаж иржээ. Тухайн үед буюу 1930-1940д оны үед Наци Герман, Фашист Итали, магадгүй Сталиний үеийн Орос дахь үйл явдлын өрнөл байх. Эдгээрийг харсан Орвел ийм дэглэм цааш даамжирвал юу болох бол гэсэн төсөөллийг 1984 онд авчирч зураглан харуулсан dystopian бүтээл хийж тэр нь хувь хүний шинж чанар дарангуйлагдан үгүйрч, хүний сэтгэл зүрх хүртэл дарангуйлагчийн гарт орж мухардал үүсэх юм байна шүү гэдэг анхааруулгыг өвлүүлсэн нь 1984 зохиол байжээ.

Жорж Орвелийн энэ “анхааруулга” саяхан Улаанбаатар зочид буудлын тайзнаа тавигдсан. Ерөнхий продюссер хатагтай Т.Ариунчимэг, ерөнхий найруулагч М.Батболд нараар ахлуулсан баг Орвелийн төсөөллийг театрын хэлбэрт оруулах сорилтыг амжилттай давлаа. Жүжгийн зохиолчоор Я. Баяраа, чадварлаг жүжигчид болон багийн хамтын хүчин чармайлт нь энэ зохиолыг театрын сэтгэл догдлом дүрслэл болгон хүргэлээ.

Дарангуйлал тогтсон нийгэм ямар байдалтай болох вэ гэдгийг харуулсан зохиолын агуулгыг маш чадварлагаар гаргаж тавьсан жүжиг гэдгийг онцлон хэлмээр байна. Үүнд найруулагч болоод жүжигчдийн уран чадварлаг байдал сэтгэл хөдөлгөм байсныг дурдахаас арга алга.

Улаанбаатар зочид буудлын тайз нь голдоо байрлаж, үзэгчид тайзны шалнаас дээш байрлалд байж ийм жүжгийг үзэх нь тухайн жүжиглэлт, нүүрний хувирлыг илүү ойрхноос харж болох гайхалтай шийдэл юм гэж бодогдлоо.

Хөгжим техник хэрэгслийн хувьд дажгүй сайн байвч зарим тохиолдолд хүний яриа бүдгэрч түүнийг нь сонсох гэж хичээх шаардлага гарч байсан боловч энэ нь тийм ч их биш. Ерөнхийдөө дуу гаралт тухайн зааландаа хангалттай. Гэрэлтүүлэг нь жүжгийн үйл явдалтайгаа хамт жүжиглэж буй мэт сэтгэгдэл төрүүлж илүү ч үгүй, дутуу ч үгүй санагдсан. Жүжигчин рүү тусч байгаа гэрэл шууд үзэгч руу тусч гараараа халхалж үзэх шаардлага гарч байсан ч жүжгийн үйл явдалдаа ууссан миний хувьд тийм үйлдэл хийснээ хожим нь л анзаарсан.

Ашигласан хөгжим ая ритмүүд мөн зохиолтой их уусаж наалдсан мэт мэдрэмж төрсөн. Ялангуяа завсарлагаанаар явж байсан “tick of the clock” нь бид одоо л тэмцэхгүй бол жүжигт харуулсан дарангуйллын нөхцөл байдал руу цаг хугацаа яваад л байгааг сануулах мэт цохилж байлаа. Жүжгийн хэрэгслийн хувьд хоосон тайз мөртлөө маш цөөхөн илэрхийлэмж өндөртэй зүйлсийг дээрээс дүүжилсэн байсан нь хэрэгтэй үедээ бууж ирээд буцаж байгаа нь энгийн мөртлөө бүтээлч шийдэл санагдсан.

Жүжгийн агуулгаас дурдмаар хэсэг нь дарангуйлагч буюу хүч нэг гарт төвлөрсөн нийгэмд Үнэн гэж байдаггүйг харуулсан хэсэг. Дарангуйлагч нар юу үнэн бэ гэдгийг тогтоодог. Дарангуйлагч нар үнэнийг удирдах бөгөөд тэр нь дарангуйлагч Том ахад л хэрэгтэй. Түүнийгээ бүрэн эрхшээхийн тулд ил цагаан ҮНЭНИЙ ЯАМ байгуулж ажиллуулдаг хэсгийг тодоор харуулсан. Энэ нь ҮНЭНийг олох биш, ЮУ ҮНЭН байх ёстойг тогтоодог байгууллага. Зохиолд Нисэх онгоц зохион бүтээгч ах дүүсийн тухай түүхийн үнэнийг гуйвуулж ТОМ АХ буюу удирдагч нь бүтээсэн байх ёстой “үнэн”-ийг бүх хэвлэл мэдээлэл, сурах бичигт суулгаж өгч буй талаар гаргаж ирдэг. Үүнийг найруулагч, жүжигчид маш сонирхолтой байдлаар харуулж чадсан.

Шигтгэж хэлэхэд өнөөгийн манай нийгэмд Засгийн эрх баригчид дураараа хэн хэнийг хууль зөрчигч, луйварчингаар дуудаж олон нийтийн хэрэгслээр дайрч байна. Түүнд олон нийт автан итгэж жигших байдлаар тархи нь угаагдаж байгаа нь, тэд ийм үнэний яам байгуулаагүй ч ийм үйлдлүүдээ хэдийнээ хийгээд эхэлсэн байгаа нь төстэй санагдсан.

Жүжгийн дүрүүд тэдгээрийн жүжиглэлт бүгдээрээ гайхалтай байлаа. Үүнээс онцлон дурдахад гол дүрийн жүжигчин Болд-Эрдэнийн жүжиглэлт бүхий л хэсэгт шилдэг жүжигчдийн нэг гэдгээ харуулж чадлаа. Тайзны ойр хажуугаас нь харж үзсэн болохоор нүүрний хувирал хүртэл тод харагдаж дахин биширч үзлээ. Үзэж байхдаа дотор нь орж өөртэй нь хамт тайзнаа явж байгаа мэт болж байсан нь, жүжгийн завсарлагаанаар салхилах гэж явсан би өөрөө нэг хөлөө чирч яваад байгаа мэт санагдаж байсан нь хачирхалтай.

Бас нэгэн онцолмоор хэсэг бол ноён Обрэйн буюу жүжигчин Төмөрхуягийн нууц бүлгэмийн үзэл санаа, эрх чөлөөний төлөө тэмцэлд ямар их золиос хэрэгтэй болох талаар ярьсан хэсэг гайхалтай байлаа. Гайхалтай монологи гээд хэлчихэе! гэхдээ дүрийн дотоод мөн чанарыг гаргах биш харин өөр хүний дотор нуугдсан үзэл бодлыг уудалж гаргаж ирж дүрэлзүүлж байгаа төрлийн “монологи” гэлтэй. Нисванис хамтлагийн дуу байдаг даа “зүрхээ гаргаад зүсэж хуваамаар, сэтгэлээ тэгээд сэрээдэж гаргамаар” гэж. Хүний дотроо нуугдсан зүйлийг сээрдэн гаргаж буй мэт гайхалтай жүжиглэлт нь тэр зааланд буй үзэгчдийн дотор нуугдсан зүйлсийг тэмцэлд дуудсан байх гэж найдаж байна.

Жүжиглэлтийн бас нэг онцлууштай хэсэг нь Парсонсын хоёр охин. Үнэхээрийн жихүүцэм, мухардмаар тийм орчныг маш сайн харуулсан. Харанхуй нийгмийн үр хөврөл тэр дотроо хэрхэн өсөж бойжиж байдгийн гайхалтай дүрслэл. Үүнийг харуулсан хоёр жүжигчин охины нэрийг нь санадаггүй ээ, уучлаарай, гэхдээ амжилт хүсье.

Цаг үетэйгээ хамтдаа байж, шинэлэг байгаа Орфей театрынханд дахин дахин баяр хүргэж талархал илэрхийлж, амжилт хүсье.


Posted

in

by

Tags:

Comments

Сэтгэгдэл бичих