Сэр-Од: Сквош теннис албан ёсоор ОЛИМПЫН ТӨРӨЛ болсон

Монголын Сквош теннисний холбооны Дэд Ерөнхийлөгч И.Сэр-Одтой хийсэн ярилцлагыг толилуулж байна.

Сайн байна уу, Тантай сквош теннисний талаар ярилцахаар болсондоо таатай байна. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулж, хэзээнээс холбооны ажилд оролцож эхэлсэн тухайгаа ярьж өгөөч?

Сайн байна уу, намайг Ичинхорлоогийн Сэр-Од гэдэг. Миний бие өнгөрсөн онд буюу 2023 оны 5 сараас эхлэн Монголын Сквош Теннисний холбооны Дэд ерөнхийлөгч гэсэн энэхүү өндөр нэр хүндтэй үүрэг хариуцлагыг хүлээн авсан.

Ерөнхийдөө холбооны гадаад харилцааг хөгжүүлэх замаар энэхүү спортыг Монгол Улсдаа нутагшуулан Монгол залуусын бие бялдар, оюун санааны хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Би өөрөө Монгол Улсын дахь бизнесүүдийг гадны орны бизнесүүдтэй холбогдох гүүр болж ажилладаг B2B Mongolia болон Mongolia Business Database-ийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл удирдан ажиллаж байна. Тиймээс миний хувьд үндсэн хийж буй ажилтайгаа хоршуулаад хийгээд явахад боломжтой нь давуу тал болоод байгаа юм.

Холбооны дэд Ерөнхийлөгч болоод удаагүй юм байна. Одоогоор Монголын сквош теннисний гадаад харилцааны талаар бидэнд ярьж өгөөч.

Хамгийн ойрын мэдээнээс дуулгая гэж бодож байна. Саяхан Монгол Улсын сквошийн баг тамирчид Хятадын Хайнинг хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэмцээний үеэр зохион байгуулагдсан Зүүн Азийн Сквошийн холбооны хуралд би Монгол Улсаа төлөөлөн оролцлоо. Энэхүү холбоо нь Өмнөд Солонгос, Хонг Конг, Япон, Тайван, Макао зэрэг Азийн холбооныхоо чиглэлийг тодорхойлдог томоохон байгууллага юм. Хуралд идэвхтэй оролцсоноор миний бие энэхүү Зүүн Азийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр болохоор болж байх шиг байна. Арай эцэслэгдээгүй ч удахгүй тодорхой болно.

Мөн нэмж хэлэхэд Зүүн Азийн сквошийн аварга шалгаруулах энэхүү томоохон тэмцээнийг 2026 онд Монгол улс хүлээж авах боломжийн талаар нааштай яриа өрнөснийг сквош сонирхогч болон тамирчиддаа дуулгахад таатай байна.

Энэ маш сайхан мэдээ байна. Монгол Улсдаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж гарна гэдэг нь сквошийн тамирчин болон сонирхогч залууст их боломж урам болно гэж харж байна.

Тэгэлгүй яахав ээ. Үүнд нэмж хэлэхэд Сквош нь саяхан буюу өнгөрсөн оны сүүлээр Олон улсын Олимпын хорооны хурлаар хэлэлцэгдэж албан ёсоор Олимпын нэг төрөл болж 2028 оны Лос Анжелосын олимпоос эхлэн зохион байгуулагдахаар болсон.

Энэ тал дээр манай Монголын Үндэсний Олимпын Хороо бас өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд бид саяхан Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж тодорхой ажил хөтөлбөр ярилцсан.

Сквош теннис нь Олимпын төрөл болсон явдал залууст бас маш их урам болж өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Өөр сонирхолтой мэдээлэл байгаа л биз дээ

Та бидний мэдэхээр энэхүү спорт нь Англи улсаас үүсэлтэй. Тиймээс Их Британийн толгой байгууллага болох “England Squash”- тай ажиллахыг зорьж, холбоо тогтоож чадсан. Тэгээд би Лондонд ажлаар явж байхдаа тус байгууллагын захирал Mark Williams тай өнгөрсөн оны 12 сард Манчестерт уулзахаар болсон боловч Зул сарын баяр таарч уулзалт маань хойшлоод байна.

Миний бие мөн Пакистан Улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консулын хувиар Пакистан улстай сквошийн спортын талаар тодорхой харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж байна. Учир нь энэхүү спорт Пакистанд маш сайн хөгжсөн бөгөөд тэдний шигшээ баг нь дэлхийн шилдгүүд байдаг.

Аливаа спортын хөгжилд дэмжигч байгууллага бас маш чухал байдаг. Энэ тал дээр холбоо хэрхэн ажиллаж байна вэ?

Тиймээ, энэ маш чухал.

Сквошийн хөгжлийг хурдасгах зорилгоор анхнаас нь дэмжин хамтран ажиллах стратегийн түнш, ивээн тэтгэгч байгууллагатай болохоор хамтын ажиллагааны тодорхой багцын саналыг бэлтгэж нэр бүхий томоохон компаниудад хандаж эхлээд байгаа. Гадны улс орнуудын жишгийг харахад бол Сквошийн дэмжигч байгууллагууд нь ихэвчлэн томоохон банк санхүүгийн байгууллагууд, технологийн томоохон брэндүүд байж ирсэн байдаг.

Спортоо дагаад спонсор байгууллагууд хоорондын бизнес харилцаа мөн сайжирдаг учраас бид алсын хамтын ажиллагааг нь бодолцож Монголдоо тэргүүлэгч компаниудаас эхлээд танилцуулаад явж байгаа.

Ойрын үед сквошийн ямар уралдаан тэмцээний мэдээ байна? Бидний оролцооны талаар.

Түрүүн дурдсан саяхан Зүүн Азийн сквошийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцоод ирсэн. Одоо удахгүй Дайлан хотод 6 дугаар сард зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тамирчид маань бэлтгэл хангаж байгаа. Мөн энэ оны 7-8 сард Хонг Конг, Солонгос, Японд Junior Open тэмцээнүүд болох тул энэхүү ярилцлагаар дамжуулан сквошоор хичээллэгч залуустаа цаг заваа төлөвлөн бэлтгэл сургуулилтаа сайн хийгээрэй гэж уриалж байна. Энэхүү тэмцээнүүд нь хувь тамирчдын төдийгүй Монгол Улсын нэрийг Азидаа өргөх чухал ач холбогдолтой тэмцээнүүд юм.

Хажуугаар нь бас тамирчид маань урьдчилан нэрсээ тогтож оролцоогоо баталгаажуулснаар тэмцээнийхээ бэлтгэлд төвлөрөх, мөн Япон, Солонгос зэрэг улсын виза авах зэрэг эртнээс бэлтгэл хангах шаардлагатай ажлууд байгаа тул дасгалжуулагч багш О.Алтанхуяг болон бусад хүмүүстэй холбогдохыг хүсье.

За баярлалаа, танд болон Сквошийн хөгжил дэвшилд амжилт хүсье.

Баярлалаа.

Ярилцсан. Э.Шижир


Posted

in

by

Tags:

Comments

Сэтгэгдэл бичих