
Намайг Э.Шижир гэдэг. Миний аав, ээж хоёр адилхан нэртэй учираас аав, ээж хоёроороо хоюулангаар нь овоглоод байгаа юм шиг хөөрхөн санагддаг. Заримдаа хөгжилтэй ч юм болдог.
Өөрийн тухай товч дурьдвал Үйлсийн сайхан Улаанбаатар хотдоо төрж өссөн. Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч – Эдийн засагч, Мэдээлэл зүйч мэрэгжилтэй төгсөж ёстой л нэг улсынхаа хөгжилд хувьд нэмэр оруулах хүсэл эрмэлзлээр дүүрсэн нөхөр гарч ирсэн дээ.
Би ажлын анхны гараагаа төрийн яаманд эхлүүлж систем админастратор, гадаад зээлийн судалгаа шинжилгээний экспертээр голдуу ажилласан. Цоо шинэ мэдээллийн бааз бүрдүүлэх, түүнд суурилсан судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэн тайлан мэдээ гаргахын хажуугаар уг системийнхээ админастраторийн үүргийг мөн гүйцэтгэдэг байлаа. Мөн Монгол улсын томоохон өрийн асуудлыг шийдвэрлэх үйл явцад оролцох завшаан тохиож өөрийн хувь нэмрийг оруулж чадсандаа баяртай байдаг.
Түүний дараа би харилцаа холбооны салбар дахь томоохон компанид орж стратеги удирдлага, төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж бизнес үйл ажиллагааны туршлага олж авсан даа. Энд хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, удирдлага менежментийн тогтолцоо ба манлайлал, компанийн засаглалийн зарчмууд гэх мэтийг ойлгож ажиллаж байлаа. Гэхдээ нэг гол онцлог нь энэ бол өмнөх ажлаас их өөр шинэ ертөнц байсан. Тэр нь юу гэхээр төр болон хувийн хэвшлийн ялгааг олж харж, хувийн хэвшил ямар их бүтээлч байдгийг нүдээр харж биечлэн оролцож байсан нь гайхалтай байлаа.
Үүний дараа, одоо хийж буй ажил маань буюу Монгол улсад аж үйлдвэрлэл хөгжүүлэх зорилготой үйлдвэрлэл болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хариуцан ажиллаж байна. Нөгөө улсыг хөгжүүлэх хүсэл огтлолцсон цэг, хөгжил гээчийнх нь гол үндэс суурь нь энд байгааг ойлгож мэдэрсан тэмүүлэл энд байдаг.
Монголыг Монголчууд Хөгжүүлнэ