Бид “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэж ярьдаг. Энэ үг бол зүгээр нэг ахмад хүний сургамж биш. Авлигын шалтгаан, суурь бүтэц, түүнийг бүрдүүлж буй институцийн бодит байдлыг маш оновчтой илэрхийлсэн улс төрийн философи ч гэж болохуйц хэллэг юм. Авлигач бол шаазгай. Харин авлига үүсэх эрх зүйн, эдийн засгийн, институцийн орчин бол овоо. Овоо болтлоо зохион байгуулагдаж бүтсэн тэр л орчин байгаа цагт, нэг шаазгайг хөөж явууллаа гээд удахгүй өөр нэг нь нисэж ирэх нь гарцаагүй. Тиймээс жинхэнэ асуулт бол “шавьжийг устгах уу, эсвэл бохир орчныг цэвэрлэх үү?” гэдэгтэй адил — “авлигачийг илрүүлж шийтгэх үү, эсвэл авлигын хөрсийг буулгах уу?” гэдэгт оршиж байна.
Сүүлийн жилүүдэд шаазгайг агнах ажил тун сүр дуулиантай зарлагдаж байсан. Нэр бүхий хүмүүсийг илчилж, заримыг нь баривчилж, заримыг нь улс төрийн тайзнаас зайлуулж, нийгмийн уур амьсгалыг түр зуур тайвшруулж чадаж байгаа мэт харагдана. Гэвч хэн нэгэн “аль нэг авлигачийг илрүүллээ” гэж зарлах бүрт, нөгөө талдаа овоо улам өндөр болж байгааг анзаарав уу? Төсөв томорсоор, төрийн өмчийн компаниуд олширсоор, зөвшөөрөл нэртэй гарын үсгийн дамжлага оршсоор л байна. Шаазгайг нэг нэгээр нь “буудах” нь сүртэй харагдах ч үнэндээ овоог улам томруулж, шинэ шаазгайнд илүү том, илүү тухтай газар бэлдэж өгч байгаа хэрэг.
Үүндээ олон нийтийн сэтгэл зүйг ашиглан “буудах буу”-ныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх гэж чармайна. Үүний үр дүн тодорхой: Эрүүгийн хуулийг улам чангалсаар, алдаа гаргасан төдийгүй, гаргаагүй нэгнийг хүртэл “шаазгай” гэж зарлах боломжтой болгосноор төрийн албаныхан шийдвэр гаргах чадваргүй, зөвхөн эрсдэлээс зугтдаг нэгэн сэтгэлзүй рүү бүгд түлхэгдэн орлоо. Хууль сахиулах нэрийн дор ийм айдаст суурилсан орчин бий болох нь шударга ёсны илрэл биш, харин институци өөрийн эрх мэдлийг хэвээр хадгалах, эсэргүүцлийг сулруулах хамгийн үр ашигтай арга замуудын нэг болдог.
Хэрэв үнэхээр авлигагүй нийгмийг хүсч байгаа бол эхний алхам авлигачийг олох биш, авлига төрөх хөрсийг задлах явдал. Төрийн өмчийг бага багаар бус, үндсээр нь улс төрөөс салгах; төсөвт төвлөрсөн эдийн засгийн эрх мэдлийг багасгах; гарын үсэг, зөвшөөрлийн системийг иргэний эрхэд суурилуулсан автомат журам болгон хувиргах; төрийн байгууллагыг хувь хүний таалал бус хуульчлагдсан институцийн механизм, процессоор ажиллуулдаг болгохгүйгээр бид зөвхөн шаазгайг түр зуур үргээж, харин овоог улам бат бөх болгох болно. Төрийн компаниудын “Менежмент сайжруулна”, “шилэн болгоно”, “тодорхой хэсгийг нь олон нийтэд нээлттэй болгоно” гэсэн ярианууд бол шийдэл биш, овоон дээр өнгөц цацсан гоёл л гэсэн үг.
Овоо байсаар байвал шаазгай ирж сууна. Түүнийг холдуулж үргээсэн ч, нисэж буйг нь харсан ч, барьж аваад шийтгэсэн ч, тэр ирнэ. Харин бид жинхэнэ зориг гаргаж овоог буулгаж чадвал, жинхэнэ өөрчлөлт гарна. Авлигын тухай яриа хувь хүний ёс суртахууны сулралын тухай биш, институцийн бүтэц, эрх мэдлийн зохион байгуулалтын тухай гэдгийг ойлгосон мөчөөс эхлэн л бид тэмцлийн оновчтой бай, зөв чигийг олж чадна.
Сэтгэгдэл бичих