Гангийн төслийг гацааснаараа “Кью Эс Си” биш улс илүү хохирч байгаа юм

Сэтгүүлч Ж.Нямсүрэнтэй ярилцлага хийлээ

-Монголын Засгийн газар “Кью Эс Си” компанийг гудамжинд хөөж гаргаснаас хойш гурван жил өнгөрчээ. Хамтарсан Засгийн газар төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Танай компани Монголын Засгийн газартай учир зүйгээ олж чадсан уу?

-Уул уурхайн металлургийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх 30 жилийн хугацаатай гэрээг 2014 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулж, хөрөнгө оруулалт, бүтээн  байгуулалтаа эхлүүлсэн. Үүнээс хойш тодорхой шийдэлд хүрэлгүй гурван жилийн ойн дээрээ ирлээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай компани шүүхээр тогтоогдоогүй маргаантай шийдвэрийн улмаас төслөө үргэлжлүүлэх боломжгүй болсон. Бодит ажил хийх хугацаагаа алдаж, улс төрийн дарангуйлал, эрх мэдлийн зөрчилдөөнийг тэвчээртэй хүлээгээд сууж байна. Ардчилсан нийгэмд аливаа маргааныг хэлэлцээрийн ширээний ард шийддэг. Үгүйдээ л хууль, шүүхийн хүрээнд маргааныг эцэслэдэг. Бид холбогдох албан тушаалтнууд, сайд дарга нартай уулзах гэж олон удаа санал тавьсан. Хүлээж авах хүн алга юм билээ. Үнэхээр асуудал байвал хийсэн гэрээгээ дүгнээд хуулийн хэмжээнд арга хэмжээ авах хэрэгтэй. Шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хувийн хэвшлийн хөрөнгийг хураах нь Үндсэн хуулийн маш том зөрчил юм.

-Уул уурхайн металлургийн төслийн тендерт танай компани шалгарахад тухайн үеийн эрх баригчдын оролцоо, нөлөө байсан уу. Олон нийтийн дунд элдвийн хардлага байдаг учраас тодруулах ёстой байх?

-Төслийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулахдаа гадаад, дотоодын компаниудаас санал авсан юм билээ. Монголоос ганцхан манай “Кью Эс Си” өрсөлдсөн. Биднийг хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтэнд нөлөөлөх замаар тендерт шалгарсан гэсэн зохион байгуулалттай ташаа ойлголт нийгэмд өгсөн. Тийм зүйл огт болоогүй. Хэрэв тийм зүйл байсан бол энэ олон жилийн хяналт, шалгалтаар нэг ч баримт гарч ирэхгүй өнгөрнө гэж үү.

“Кью Эс Си” яагаад шалгарсан бэ гэдгийг ойлгохын тулд өрсөлдсөн саналуудаа бодитоор судлаж, харьцуулж үзэх ёстой.

Хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад Австрали, Хятад, Энэтхэгийн компаниуд санал өгсөн байсан. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьцааг зуун хувь шууд өөртөө шилжүүлж авах, мөн хүдрийн ордуудаа хайгуулын шатны илрэлтэй нь хамт өгөх хатуу нөхцөлийг тавьсан байсан.

Харин бид санхүүжилтийг нь шийдье, шинээр бий болох үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 70 хувийг өртгөөр нь авъя гэсэн санал тавьсан.

Үр дүнд нь хөрөнгө оруулалт хийгдэнэ, үйлдвэрлэл бий болно, Монголын хувьд олон давуу талтай санал байсан. Тиймээс манай санал дэмжигдсэн байх.

-Гэхдээ танай компани уул уурхайн металлургийн том төсөл хэрэгжүүлэх туршлагагүй байсан хэрнээ яагаад ийм зоригтойгоор тендерт өрсөлдсөн юм бэ?

-Манай компанийг туршлагагүй гэж буруутгадаг, туршлагагүй учраас хэн нэгэн улстөрч нөлөөлсөн гэж харддаг, гүтгэлэг. Тэгэхээр туршлагагүй гэсэн буруутгал, шүүмжлэлд тайлбар хэлэх нь зөв байх. Нэгд, Монголын компаниудыг туршлагагүй гэж буруутгаад байвал хэзээ ч Монгол аж үйлдвэржсэн орон болохгүй.

Хоёрт, бид олон улсад металлургийн салбарт нэр хүндтэй, туршлагатай компанитай хамтраад ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Гуравт, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт дээр Худалдаа хөгжлийн банк дэмжээд явахаа илэрхийлсэн. Дөрөвт, тухайн үед сонгон шалгаруулалт хийсэн хүмүүс бодит эдийн засгийн үр ашиг, үндэсний эрх ашгаа нэгт эрэмбэлж чадсанд талархдаг.

-Уг нь өдийд төслийн бүтээн байгуулалт, үр ашгийн тухай яриад сууж байх ёстой цаг шүү дээ. Гэтэл төсөл цааш үргэлжлэх эсэх нь ойлгомжгүй байдаг. Ингэхэд төсөлд хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ, ямар ажил хийж гүйцэтгэв?

-Манай компани өнгөрсөн хугацаанд нийтдээ 600 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, гангийн үйлдвэр баригдах урьтач нөхцөлүүдийг бүрэн хангаж чадсан. Мөн дараагийн гангийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг эрчим хүчний эх үүсвэрийн хомсдолд тохируулан шинэчлэн батлуулсан.

Гангийн үйлдвэрийн шугам, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлтүүдийг шат дараатайгаар хийж, гангийн үйлдвэрт шаардлагатай шанаган зуух, соронзон хуйлруулагч, ган бөмбөлгийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Төмөртэйн болон Төмөртолгойн уурхайд хуурай, нойтон баяжуулах үйлдвэрүүдийг байгуулж, боловсруулах хүчин чадлыг олон дахин нэмэгдүүлсэн. Эрчим хүчний чиглэлээр 50 км урт цахилгаан дамжуулах шугам барьж, дэд станц өргөтгөн, төвийн системд холбосон. Мөн 36 км урт төмөр зам, автозам, ачиж буулгах терминал зэрэг тээвэр логистикийн цогц шийдлүүдийг хийсэн.

Харамсалтай нь, таны хэлснээр үр ашиг, дараагийн төслөө төлөвлөж байх ёстой байтал өнөөдөр хүлээлтийн байдалтай сууж байна. Мега төслийг хэрэгжүүлэх явцад хүндрэл бэрхшээл зөндөө гарна. Үйл ажиллагааны явцад гарч байгаа хөрөнгө мөнгөний болоод элдвийн жижиг бэрхшээл бол сайхан, шийдчихнэ. Гэтэл биднээс ямарч хамааралгүй улс төрийн гацаа үүсэх хамгийн зовлонтой нь байна даа. Эрх зүйн тогтвортой байдлыг хадгалах, төрийн бодлого итгэл төрүүлэхүйц байх, улсын хэмжээний олон мега төслүүдийн уялдааг холбоог хангах нь уг нь төр засгийн голч бодлого байх ёстой юм.

-Гэрээ цуцлах болсон үндэслэл тайлбараа Засгийн газар юу гэж тайлбарладаг вэ?

-Манай компанитай байгуулсан концессын гэрээг цуцлахаар болсныг гэнэт мэдсэн. Хуульд аливаа шийдвэрийг гаргахад ямар арга хэмжээ, дараалалтай байх ёстойг тодорхой заагаад өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлахаас өмнө хоёр тал уулзаж, тайлбар, үндэслэл, нөхцөлийг хэлэлцэх ёстойг Захиргааны болон Иргэний хуульд тодорхой заасан байдаг юм.

Гэвч хуульд нийцсэн ямар нэг үндэслэл тайлбар хэлээгүй. Эсрэгээрээ хууль зөрчсөн буруугаа зөвтгөхийн тулд зохион байгуулалттай гүтгэлэг дайралтаар олон нийтийн санаа бодлыг бидний эсрэг чиглүүлсэн. Манай компани Монгол Улсыг хохироосон буруутай зүйл нэгийг ч хийгээгүй. Харин ч улс орны хөгжил, эдийн засагт маш чухал том бүтээн байгуулалт хийхийг зорьсон.

Аливаа хохирлыг зөвхөн тоон дүн дээр бус, гэрээний нөхцөл, хууль эрх зүйн үндэслэл, баталгаат баримтад тулгуурлаж, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар дүгнүүлэх ёстой.

Тухайлбал, биднийг улсад 1.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэж гүтгэсэн, дайралт хийсэн. Тэрхүү 1.8 их наядын хохирол ямар учиртай, юун тоо болохыг шалгаж, нягталсан.  Гэтэл яасан гээч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 2010-2021 оныг дуусталх нийт 12 жилийн орлогыг хооронд нэмчихсэн байсан.

Нягтлан бодох бүртгэл, татвар, тооцооны наад захын ойлголтой хүн хараад маш бүдүүлэг алдаа болохыг нь хэлээд өгөх байх.

Бизнесийн ашиг орлого болоод хохирол гэж юу байдгийг мэдэхгүй нэг мөрдөгчийн алдааг уучилъя гэхэд Сангийн яам болон татварын албаныхан үүнийг хүлээн зөвшөөрөөд дуугүй суугаад байгааг ойлгохгүй байна.

Үнэндээ зах зээлийн нөхцөлөөс хамаарч Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр төсөл хэрэгжүүлсэн эхний үед ашигтай ажиллах боломж хомс байсан. Харин гэрээг цуцлахаас нэг хоёр жилийн өмнөөс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт идэвхэжсэн, ашигтай ч ажиллуулсан. Гэхдээ ашгийг нь “Кью Эс Си” халаасалчихсан юм биш. Бидний анхаарал дараагийн төсөлд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө босгох тухай л бодож байсан. Төсөвт байнгын дарамт болж байсан үйлдвэр дээр төсөл хэрэгжүүлж, багагүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийчхээд улсыг хохироосон нэр зүүгээд үлдэхийг хүсэхгүй байна.

-Үнэндээ танай компанийг ямар нэг хууль зөрчөөд өмчөө хураалгуулсан гэх ойлголтыг төр нийгэмд төрүүлчихсэн. Иргэд ч ингэж бодож байгаа?

– Ахин, дахин хэлье, “Кью Эс Си” Монгол Улсын нэг ч хууль тогтоомжийг зөрчөөгүй. Хэрэв хууль дүрэм, гэрээ контрактаа зөрчсөн бол “танай компани ийм, ийм зүйл зөрчсөн” гэсэн албан ёсны үндэслэл, тайлбараа засаг төр гаргах ёстой. Гэтэл ямар ч тийм бодитой, үндэслэлтэй, тоо баримттай, судалгаатай тайлбар энэ гурван жилийн хугацаанд ирүүлээгүй. Хууль засагладаг оронд бид амьдарч байгаа нь үнэн юм бол бусдын өмчийг хураах, үйл ажиллагааг нь хязгаарлахдаа хуулийг мөрдлөг болгох ёстой юм.

-Танай компанийг анх очиход Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа ямархуу байсан бэ?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрт анх ирэхэд амьсгал  нь давчдаж муудсан хүн шиг

байсан. Төмрийн хүдрийн гурван ордтой ч үүнийгээ эргэлтэд оруулж чадаагүй. Эргэлтэд оруулах ч хөрөнгө мөнгөгүй байсан. Стратегийн гэх Төмөртэйн орд нь цахилгаангүй, замгүй, ажилчид нь гэрт байрладаг байсан юм шүү дээ.

Гангийн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь маш их хуучирч элэгдсэн. Үйлдвэрлэлийн өртөг нь зах зээлийн үнээсээ давчихсан байсан. Арматурын стандарт нь хоцрогдоод хөрш орнуудын бүтээгдэхүүнд эзлэгдчихсэн. Агуулах нь ашиглалтад нийцэхгүй “хог”-оор дүүрчихсэн байсан, юм үнэнээрээ сайхан.

Тиймээс  эхний ээлжинд ашиг олох талаар бодоогүй, үйлдвэрийг амь оруулах зорилго тавьсан. Цахилгаан татах, зам барих, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүдрийн боловсруулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх гээд бүгдийг тэгээс, сууриар нь эхлүүлэх, өөрчлөх шаардлагатай болсон. Их ч хөрөнгө цаг хугацаа шаардсан ажил болсон.

-Алдагдалтай ажилладаг, төсвөөс угжуулдаг төрийн нэг дампуурсан компани та нарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр дүнд өнөөдөр ашигтай ажилладаг болсон гэж ойлголоо?

-Тиймээ, биднийг очихоос өмнө татвар төлөгчдийн мөнгө л хумсалж байдаг, үр өгөөжгүй компани байсан юм билээ. Харин “Кью Эс Си” хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлснээр улсад төлдөг татвар нь нэмэгдсэн. Үйл ажиллагаа нь жигдэрсэн. Экспортоос орлого олдог, ашигтай ажилладаг компани болсон.

Эдийн засгийн боломж олгосон компаниа төр гудамжинд өшиглөөд л гаргачихсан. Тэгээд хүн нь байвал хэрэг олоод тох гэдэг пропаганда хэрэгжүүлсэн. Саяхан “Ноорог” гэж сайт дээр  бидэнд хэрэглэсэн технологио ил цагаан давтаж үзүүлсэн дээ.

Төр биднийг гүтгээд байна гээд худал мэдээллийг  нь залруулахаар зөрүүлээд 10 хэвлэлээр худлаа нүдээд эхэлдэг. Худал, зохиомол гүтгэлгээ олон зэрэг, олон удаа үйлдэхээр нийгэм тэр үлгэрт нь итгэчихдэг. Үүнийгээ өнөөдөр бүх үндэсний гэх компани дээр хэрэгжүүлсэн.

Үнэндээ томоохон хувийн хэвшил болгон руугаа төр ноцож байна. “Ачит Ихт”,

“МАК”, “Эм Си Эс”, “Монполимет” гээд. Хөрөнгийг нь дээрэмдэхийн тулд эхлээд

хэвлэлээр балбана. Нийгмийн дэмжлэг, өмөөрөх дуу хоолойг нь дарж аваад, дайсан болгочихож байгаа юм. Дайсны хөрөнгийг хураахад дарга нарт хялбар болно. Ийм замаар хувийн хэвшлийг, хөрөнгө оруулагчийг нийгмийн өмнө сэжиг бүхий, хар бараан дүртэй, хадны мангаа болгодог технологи Монголын ардчилал, чөлөөт зах зээлийг устгаж мэдэхээр болчихсон.

-Сахал хочит Д.Эрдэнэбилэг гэх хүнийг дарж авах гэсэн том улс төрийн хөлд танай компани хэлмэгдчихсэн бололтой…?

-Авсан хүн ганц, алдсан хүн арван тамтай гэгчээр ХХБ-ны хувьцаа эзэмшигч тэр хүний эсрэг чиглэсэн хар мэдээллийн цаад зорилго нь  Монголын эдийн засгийг тэлэх томоохон төслүүд, хөрөнгө оруулалтын урсгалыг зогсоож ядуу, буурайгаар нь үлдээх гадны даалгавар хэрэгжээд байна уу гэж хардаж сууна. Монгол өрсөлдөгч биш хөрөнгө мөнгө гуйсан ядуу улс байх нь хоёр хөршид ашигтай байж болно шүү дээ.

Монголын засаг төр нийгмийн эсрэг нэг дүр гаргаж ирээд нүддэг болсон. Д.Эрдэнэбилэг гэж хүнийг яагаад нийгмийн эсрэг нэг дүр болгосны шалтгааныг мэдэхгүй. Гэхдээ, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр хууль зүйн үндэслэлгүйгээр дээрэмдээд авчихсан буруутай үйлдлээ хаацайлах гэхдээ түүнийг харлуулах технологи хэрэгжүүлсэн байж магад. Мөн Монголын бизнесменүүдийн томоор харж, зоригтой хөдлөх, том хөрөнгө оруулагч болох эр зоригийг мохоохын тулд эхний бай болгосон ч байхыг үгүйсгэхгүй.

Үндсэндээ, төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хамгийн анхны компани нь “Монголын зэс” компани болсон. ХХБ-ны санхүүжилттэй явж байсан бүх төслүүд рүү дайрч харлуулж, булаасны нэг нь Дарханы төмөрлөгийн төсөл болсон.

Худалдаа хөгжлийн банкны нэрнээсээ ч хөгжлийн төлөөх төслүүдийг санхүүжүүлэх зорилготой гэж харагддаг. Тиймээс манай уул уурхай металлургийн төсөлд ХХБ банкныхаа л үйлчилгээг үзүүлсэн. “Кью Эс Си” бол тухайн банкны олон харилцагчдынх нь нэг л байсан.

Сүүлийн жилүүдэд төр наанаа өмчийн эрх, хүний эрх, эрх чөлөөг ярьдаг ч цаанаа амжилтад хүрсэн, хөрөнгө босгосон, бодит бүтээн байгуулалт хийж чадсан хүмүүс рүү чиглэсэн хар мэдээлэл, дарамт шахалт нэмэгдлээ. Тэднийг дайсан мэт харагдуулж, бүтээж босгосон зүйлсийг төрд авах хуульчилсан дээрмээ эхлүүлсэн байна.

Одоохондоо үндэсний хөрөнгө оруулагчдыг онилж байгаа ч яваандаа хэн ч хөрөнгөө хураалгаж болдог тогтолцооны хөрсийг бэлдчихлээ. Энэ нь ардчилал, чөлөөт зах зээлийн нийгмийн суурь зарчимтай харшилж байгааг бүгдээрээ анхаараасай, хараасай. Сүүл рүүгээ жижиг, дунд бизнес рүү чиглэж эхэлсэн нь анзаарагдаж байна. Саяхан гэхэд хотын дарга “Наран групп”-ын газрыг авна, өгөхгүй бол бүх зөвшөөрлийг нь цуцал гэдгээ лайваар үзүүлж байна лээ. Ийм хэлбэрээр төр өөрөө бизнес эрхлэгчдээ дарамталж, өмчийн эрх рүү нь халдаж байгаа нь маш том аюулын дохио юм.

-Танай компанид учирсан бэрхшээл зовлонг бизнес эрхлэгчид бүгдээрээ мэдэрч, амсаж байна. Гээд шүүмжлэл хэлэхээсээ, эсэргүүцэж тэмцэхээсээ бизнесийнхэн яагаад айгаад байдаг юм бэ?

-Бизнес эрхлэгчид ихэнх нь хуулийн засаглалтай, ардчилсан улс гэдэгт  итгэхийг хүсдэг байх. Гэвч бодит байдал хар нүх рүү хурдацтай унаж байна.

Жишээ нь, 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан Баялгийн сангийн тухай хууль боломжийн сайн хууль болсон.

Гэвч түүнийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ашигт малтмалын салбарт олон бүрхэг асуудал бий болсон. Бүх стратегийн ордуудын 34-50 хувийг үнэ төлбөргүй төрд авна. Стратегийн ордуудыг эзэмшдэг хамаарал бүхий этгээдүүд нь 34-өөс дээш хувь байх ёсгүй гээд баталсан.

Тэр хуулинд бас нэг юм бий. Хэрвээ хуулийн энэ нийцлийг хангахгүй бол тухайн компани дээр Засгийн газар БЭТ томилох эрхтэй. Үндсэндээ стратегийн орд эзэмшиж байгаа аль ч компани дээр Засгийн газар БЭТ томилоод удирдлагын эрхийг нь авах боломжийг хуулиар нээчихсэн.

Энэ бол чөлөөт зах зээлд итгэх итгэлийг унагах, өмчийн халдашгүй байдалд илтэд заналхийлж буй заалт. Хамгийн ноцтой нь, стратегийн ордын жагсаалтыг хэзээ ч өргөтгөх боломжтой учраас энэ салбарын бүх бизнес эрхлэгчид санаа зовох, анхаарах ёстой юм.

Хууль батлагдсаны дараахан би салбарынх нь хүмүүст “ийм хууль батлагдчихлаа” гээд ярьсан чинь бараг итгэхгүй шахам байсан. Хуулийн тэр заалтаа эргэж харна, засна байх гэж найдсан. Гэтэл одоо тэр хууль нь засагдахгүйгээр хэрэгжүүлээд эхэлчихлээ. Үүнийг яаралтай засах хэрэгтэй. Хамгийн хор уршигтай нь, уул уурхайн салбарын бизнес хөрөнгө оруулалтын орчныг тодорхойгүй нөхцөлд оруулж, цаашлаад хөрөнгө оруулалтыг үргээж байна.

Бизнесийн итгэл найдварын сүүлчийн түшиц нь шүүх засаглал болсон. Гэхдээ шүүхэд улс төрийн нөлөө орж байгааг хуульчид ярьдаг. Захиргааны хэргийн маргаануудын ихэнх нь төрийн талд шийдэгдэх болсон гэх яриа бол муугийн муу сигнал.

Шүүх хараат бус, мэргэжлийн, хуульд захирагддаг байх нь бизнесийн орчинд эерэгээр нөлөөлдөг. Хэрэв энэ итгэл алдагдвал зөвхөн бизнес эрхлэгчдэд биш нийгэмд бүхэлдээ хортой юм.

-Төслийг зогсоосны дараа төрөөс тэнд ямар нэг хөрөнгө оруулалт хийсэн юм уу?

-Төрийн зүгээс өнгөрсөн гурван жилд нэмж, нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Гэсэн атлаа ашигтай ажилласан нь үнэндээ өмнөх хөрөнгө оруулагчийн хийсэн, бүтээсэн бүхний үр дүн. “Кью Эс Си” компанийн хөрөнгө оруулалт, удирдлагаар дэд бүтцийн суурь бүрдэж, технологийн шинэчлэл хийгдсэн, үйлдвэрлэлийн үндсэн хүчин чадал бий болсон.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр “Баялгийн санд” орлого төвлөрүүлсэн нь бидний бий болгосон үйлдвэрлэлийн үр өгөөж. Уг нь бид төслөө хэрэгжүүлж дууссан бол улсад үүнээс ч илүү үр ашигтай, үр өгөөжтэй байсан.

-Ингэхэд итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэгчээр төр буруу шийдвэрээ засна гэсэн хүлээлттэй танд байх шиг санагдлаа…?

-Чөлөөт, эрүүл эдийн засгийг хөгжүүлье гэвэл төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нар итгэлцэл дээр суурилсан харилцаатай байх ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд итгэлцэл байхгүй болсон. Хувийн хэвшил төртэй хамтрахаас айдаг болсон.

Гурван жил бол багагүй хугацаа, алдагдсан он жилүүд эргэж ирдэггүй. Тэр тусмаа бүтээн байгуулалт, хөгжилд чиглэсэн орон зайд хэдэн арван жилийн цоорхой үүсгэдэг.

Гэсэн ч би хувьдаа эрүүл, ил тод харилцаа эргэж сэргэнэ гэж итгэж, асуудлаа ширээний ард шийдэх ёстой гэсэн байр суурьтай хэвээрээ л байна.

Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайд болгон ярьж байна. Гэхдээ бодит байдал дээрээ төр хувийн хэвшлээ айлгаж ичээж, дарамтлаж, өмч хөрөнгийг нь дээрэмдэх ажиллагаа ил цагаан өрнөж байна. Өмнөх түншлэлээ бодит үнэнээр дүгнэж байж, дараагийн түншлэлээ ярих нь илүү итгэл төрүүлэх байх.

-Төслийг хэрэгжүүлэхээр зорихдоо таны хамгийн том амбиц юу байв?

-Монголдоо металлургийн цогцолборыг байгуулах байсан. Аж үйлдвэржсэнээр гаднаас оруулж ирдэг арматур төмрийг дотооддоо хийнэ. Гадагшаа урсгадаг валютын урсгалыг зогсооно. Үйлдвэрлэлийн өртөг дотроо шингэнэ. Ажлын байр, ханган нийлүүлэгч гээд дотооддоо мөнгө нь үлдэнэ. Эдийн засаг тогтвортой бааз сууриар хөгжиж тэлэх ач холбогдол үүндээ л байдаг.

Тийм ч учраас Монголд үйлдвэрлэл хөгжих ёстой.

Эдийн засгийн бүтэц дотор үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, санхүүгийн салбарууд бий.

Үүнээс худалдаа, үйлчилгээний салбар нь шинэ бүтээгдэхүүн бий болгодоггүй, зөвхөн дотоод солилцоон дээр эргэлддэг. Харин үйлдвэрлэл бол тухайн улс баян байх уу, хүчирхэг байх уу гэдгийг жинхэнэ утгаар нь тодорхойлдог цорын ганц суурь салбар юм.

Тиймээс ч бодит эдийн засгийн салбар ч гэж хэлдэг. Гэтэл өнөөдрийн бодит эдийн засгийг харахаар өнгөтэй өөдтэй юм бага. Хэдэн цементийн үйлдвэр байна. Мах махан бүтээгдэхүүн боловсруулах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар жаахан хөгжиж байна.

Бидний хамгийн том зорилго гангаа Монголдоо монгол компани үйлдвэрлэдэг болох байсан. Яваандаа бүр нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн экспортолно гэж амбицлаж байсан. Ингэж байж бусад салбарууд бодитоор дагаж хөгждөг болохоор тэр шүү дээ. Үйлдвэрлэл бол урт хугацаанд үнэ цэнийг бий болгодог суурь салбар.

Бидний хувьд үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамгийн дөхөмтэй орчин нөхцөл нь энэ төсөл гэж үзэж байсан. Хийж байгаа зүйл маань бодит эдийн засагт үр өгөөжтэй байгаасай л гэж боддог юм. Манайх “Монгол ган цогцолбор 1” гээд төслөө “нэг” гэж нэрлэсэн байсныг та анзаарсан уу. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ гэвэл цаашид хэрэгжих олон том төслийн эхлэл болно гэж тооцсон.

Төслийн багийнхандаа  би хэлдэг байсан юм, “Бид ганц том төсөл хийж байгаа биш шүү, үндэсний үйлдвэрлэлийг үе шаттай босгож байгаагийн эхлэл нь энэ” гэж. Энэ амбиц маань одоо ч бөхөөгүй, өнгөрсөн гурван жил асуудлаа нэг талд нь гаргачих гээд л ярьж бичээд л байна шүү дээ.

-Танай компанид учирсан бодит хохирлын хэмжээ хэд вэ?

-Компанийн хохирлыг тооцоход хялбар. Харин улсын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг нь бодоход мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй хохирол амсаж байна.

Хэрэв үйлдвэр ашиглалтад орсон бол жилд 350 мянган тонн ган үйлдвэрлэнэ үйлдвэрлэнэ. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 300 орчим сая ам.долларын валют дотооддоо үлдэх байв. Төслийн хүрээнд 1700 гаруй шууд ажлын байр бий болно, иргэдийн орлого нэмэгдэнэ. Үйлдвэрлэлийг дагаж бий болох шууд бус ажлын байр, бусад жижиг дунд үйлдвэрийн орлого, эдийн засгийн өсөлт гээд бүх боломж зогссон.

Төр хурааж аваад “шийдвэрлэсэн” мэт харагдсан ч гурван жилийн дараа бахь байдгаараа байна. Зарим талаар ухарсан ч гэж хэлж болохоор. Асуудал шийдэгдээгүй, эсрэгээрээ хугацаа, ашиг орлогоо л алдсан.

-Таны ярианаас гангийн үйлдвэржилтийг дагаад том хот босох байсан гэж ойлголоо. Тэгсэн бол Улаанбаатарын утаа түгжрэлийн асуудлыг ч давхар шийдэж болохоор байж?

-Мега төслийн үр дүн бол үйлдвэржилт. Үйлдвэржилтийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр бий болох нь зөвхөн эдийн засагт бус нийгэмд ч олон эерэг үр дагавар авчирна.

Жишээлбэл, Дарханд үйлдвэр ашиглалтад орж 1700 гаруй ажлын байр шинээр бий болсон бол тухайн бүс нутаг руу ажиллах хүч шилжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр хотын төвлөрөл, Улаанбаатарын түгжрэлийн асуудалд тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлж таарна.

Харин одоогийн бодлого нь “хөдөө орон нутагт байр авбал зээлийн хүү багасгана” гэх зэргээр механик аргаар ханддаг. Үүний оронд иргэдэд орлоготой ажлын байр бий болгож өгвөл тэд өөрсдөө амьдралын төлөө хөдөлдөг, бодит шилжилт хөдөлгөөн явагддаг.

Ийм төрлийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалт нь зөвхөн нэг салбарын асуудал биш. Энэ бол хөдөлмөр эрхлэлт, нутагшил суурьшил, нийгмийн тогтвортой байдал, амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх үндсэн тулгуур хүчин зүйл юм.

-Засгийн газраас гангийн үйлдвэр барих хөрөнгө оруулагч хайгаад яваад байгаа. Гэтэл танайх эхлүүлсэн төслөө үргэлжлүүлнэ гэж байна. Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суугаад энэ ашиг сонирхлоо нэгтгэж болохгүй шалтгаан яг юу юм бол?

-Ёстой мэдэхгүй, Монголын Засгийн газрыг ойлгохоо больчихоод байна. Манай компани хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлээд металлургийн цогцолбор барихад бэлэн байна. Тэгэхээр маргаанаа шийдвэрлэхийн тулд ширээний хоёр талд суугаад нөхцөл байдлаа бодитоор дүгнэж, тодорхой болгох ёстой. Хоёр талын маргаанд Монгол Улс хохирч болохгүй. Монгол Улсыг Монгол компани л хөгжүүлнэ шүү дээ.

Ж.НЯМСҮРЭН

https://www.facebook.com/61555990090047

https://news.mn/r/2794859/


Posted

in

by

Tags:

Comments

Сэтгэгдэл бичих