Өнөөдөр хүний эрхийн өдөр!
Гэвч Монгол Улс хүний эрхийн ХЯМРАЛД ороод байна!
“Өмчлөх эрх” хууль журмаар зөрчигддөг боллоо. Үүний тод жишээ гэвэл хувийн аж ахуйн эрхлэх гэж оролдох иргэдийн зүтгэлээс “татвар хураамж” нь илүү чухал болжээ. Та татвараа төлөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно, дансыг чинь хаана, торгоно, хорино! Ийм болоод удаж байна.
Чухал орд газруудын хувийг төр үнэгүй авах тухай хууль баталж, мөн лиценз, зөвшөөрлийн үйл ажиллагааг шүүхийн шийдвэргүйгээр таслан зогсоож байгаа нь далд дээрмийн хэлбэрт шилжлээ.
Төр өмчийг хамгаалдаг, баталгаажуулдаг байх ёстой болохоос ард түмний нэр барьж хураах, өөрөө өмчтэй болж иргэдтэйгээ өрсөлдөх, данхар төр бүтээх ёсгүй ээ!
Та бид “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”-тэй. Гэтэл энэ хотын утаа, агаарын бохирдол, цэвэр усны хангамж, түгжрэл, ханиад томууны тархалтууд чинь гамшгийн хэмжээнд ирчихээд байна. Шийднэ гэж төсөв батлуулаад, мөнгө үрснээс өөр үр дүн алга. Иргэд чинь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардаж байна!
Мөн “төрийн хэрэгт төлөөллөөр дамжуулж оролцох эрх” үнэ цэнгүй боллоо. Эрх баригчид сонголтыг элдэв халамж, мөнгөөр наймаалцдаг, сөрөг хүчнийхээ дуу хоолойг албан тушаалаар боомилдог байдал нүдэн дээр ил гарч, эрээ цээрээ алдлаа.
Энэ бүхэн чинь ардчиллын суурийг ганхуулж, иргэдийн итгэлийг хөсөрдүүлж байна. Итгэл үнэмшлээрээ сонголтоо хийх Монголчуудын эрхийг баталгаажуулах цаг чинь яг одоо буюу сонгуулийн хийрхэл дууссан цаг үе!
Эдгээр зөрчлүүдийг засахыг төрийн түшээддээ уриалж, бас шаардаж байна! Хуулиар хамгаалуулах ёстой эрхүүд маань хуулиар зөрчигдөх ёсгүй. “Хүний эрх” зүгээр үг биш, бодитоор хамгаалагддаг байх ёстойг та бүхэнд сануулж байна!
Сэтгэгдэл бичих